Баруун-Урт сумын 70 жилийн ой 2027 онд тохионо. Ойгоороо ногоон аймаг болох зорилго тавьсан. Зорилгын хүрээнд энэ жил 80 мянган мод тарихаар төлөвлөөд байна. Албан байгууллага аж ахуй нэгжүүд өөрсдийн хуваарьт газар модоо тарьж эхэлсэн бол энэ долоо хоногийн хагас, бүтэн сайнд айл өрхүүд хашаандаа мод тарина. Өрх бүрийг мод тариулах үүднээс сумын тамгын газар нээлттэй тендерийн аргаар 2м50с-н өндөртэй Улиас, Хайлаас модыг авч нэг өрхөд 5 хүртэлх модыг үнэ төлбөргүй өгч тариулахаар шийдвэрлэсэн. Өмнөх жилүүдэд үнэгүй мод тарааж байсан туршлага дээр үндэслэн айл өрхийг тарих модныхоо тоогоор нүхээ урьдчилан ухаж бэлдэхийг анхааруулсан. Зүгээр мод өгөөд тариарай гэхгүй бор шороо болон мэргэжлийн хүмүүсийн хамт айлуудад очиж модыг нь суулгаж өгөөд, арчилгааны талаарх мэдээллийг ч давхар өгнө. Ингэснээр айлууд авсан модоо хатахаас нь өмнө амжиж суулгах, цаашлаад эрүүл мод амжилттай ургуулна гэж үзэж байна.