Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн хувьд хээрийн түймэр, салхи шуурга, ахуйн гал түймэр зонхилон тохиолддог байна. Тодруулбал сүүлийн 10 жилд тус аймгийн хэмжээнд нийт 910 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 70 /коронавируст халдвараар-27/ хүн амь насаа алдаж, 37 хүн гэмтэж бэртэн өвчилж, 334.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хээрийн түймэрт өртөх байдал нийт өрхийн 78,9 хувь нь “Их”, 12,3 хувь “Маш их”, ганд өртөх байдал 25,6 хувь нь “Их”, зудад өртөх байдал 21,5 хувь нь дунд шороон шуурганд өртөх байдал 8,4 хувийн “Их эрсдэлтэй” байгааг тооцоолон гаргасан байна.
Энэхүү эрсдэлийн үнэлгээнд суурилан аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Сургуулийн хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг”, “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, хариу арга хэмжээ”, “Ой хээрийн гал түймрийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ” зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулсан.
Тус сургалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат мөн сургуулийн Штабын дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр болон тус аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн оролцож байна.