Баруун-Урт сумын нийт ард иргэд, нутгийн зон олон та бүхэндээ морилон ирж буй 17 жарны Усан барс жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Улиран одож буй үхэр жилд Баруун-Урт сумын маань хүн ам 23122 болж, 2,4 хувиар , өрх 6566 болж 4,4 хувиар өссөн бол мал сүрэг 471556-д хүрч дөрвөн төрөл дээрээ өслөө.
Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон хүн амын тоо, нийгмийн суурь болсон өрх гэрийн тоо нэмэгдсэн баярт мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна.
Орон нутгийнхаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох мал аж ахуйн салбарт эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөл дээр өсгөж бусдыгаа манлайлсан малчин түмэн маань хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлж Аймгийн сайн малчнаар 4, Сумын сайн малчин 14, “Мөнгөн унаганы эзэн 3, Аймгийн алдарт уяач 2, Сумын алдарт уяач 1 тодорсон бахдам сайхан амжилттай жил байлаа.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /ковид-19/ цар тахалтай амаргүй цаг үед сумын доторх авто замаа шинэчлэн, гэрэлтүүлэг нэмэгдэж ард иргэдийнхээ аятай тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж, бүхий л салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүллээ.
Золгон ирж буй XVII жарны Буян үйлдэгч хэмээх БАР жилдээ өтгөс буурлууд маань амар амгалан, үр ач нар маань инээд баясалтай, санасан үйлс бүхэн тань сэтгэгчлэн бүтэж, төр түвшин түмэн олон амгалан байхын ерөөл өргөн дэвшүүлье.
Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч ЖАМЪЯНГИЙН ЖАВХААТӨГС